Н.Ичинхорол: “Сэтгэлээ зориулан хичээж ажиллах тусам эргээд ажил чамайг шагнадаг, дагаад амьдрал өөдөлдөг юм”
2021 оны 03 сарын 22

Нүдэнд нь цог золбоо, баяр жаргал гэрэлтэн бүтээлчээр ажиллаж хөдөлмөрлөдөг БОСА хэмээх нэгэн их гэр бүлийн бүтээлч төлөөллийнхний бодол, сэтгэлийг хуваалцсан “БИД БОСАчууд” хэмээх цуврал ярилцлагын эхний дугаарын зочин “БОСА Констракшн ХХК”-ийн Ерөнхий нягтлан бодогч Н.Ичинхоролтой хийсэн ярилцлагаа уншигч таньд толилуулья.  

Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу, хаана төрж өсөв?

Би 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1967 онд одоогийн БЗДүүргийн 30-р сургуулийг төгсөж, 1975 оны намар төмөр замын техникумын сургуульд элсэж 1979 онд Нефтийн техникч, эдийн засагч мэргэжил эзэмшин төгссөн, жирийн нэгэн албан хаагч хүн.

Социалист нийгмийн үед хүн өөрөө ажлаа сонгох боломжгүй шууд томилогддог байсан үе. Та ажил амьдралын гараагаа хаанаас эхэлж байв? Ажилдаа дуртай байсан уу?

Би 1980 онд Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Хими цэвэрлэгээ угаалгын комбинат-д анх ажилчнаар томилогдон орж Сансарын угаалгын салбарт угаагч, хүлээн авагч, салбарын эрхлэгч хийж байлаа. Ажил, цалин голох сэтгэл байсангүй дээ. Ингээд ажиллаж байгаад 1995 онд өмч хувьчлал эхэлснээр 4 нөхдийн хамт “Замбага” нэртэй хоршоо байгуулан даргаар нь ажилласан юм. Гэвч 1998 онд хоршоо маань дуудлаган худалдаанд орсоноор татан буугдсан. Ингээд дараагийн ажлаа хайж байх үед “БОСА ХХК”-с санал тавьсанаар  “БОСА ХХК”-д ажилд ороод өнөөг хүртэл ажиллаж байна даа.  БОСА компанид ороод анх БОСА 1 дэлгүүрт кассчинаас эхлээд төвийн кассын нярав, тооцооны нягтлангийн алба хашиж, БОСА 5, БОСА 3 дэлгүүрүүдэд дэлгүүрийн эрхлэгч, нягтлан бодогч, “Баруун Бүс” ХХК-д мөн нягтлан бодогч, “БОСА ХХК”-д нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, “БОСА Холдинг ХХК”-д санхүүгийн менежер зэрэг албан тушаал хашиж байлаа.  2013 оноос Оул Секьюрити ХХК-д ерөнхий нягтлан бодогч, “БОСА Импекс ХХК”, “БОСА Эрхэт ХХК”, “БОСА Кетринг ХХК”-д мөн ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байгаад 2019 оноос “БОСА Констракшн ХХК”-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн.

 Ингээд 1998 оноос хойш бодоход “БОСА Холдинг ХХК” болон түүний гишүүн компаниудад нийтдээ 22 жил ажилласан байна. Одоо ч ажилласаар байна. Ер нь ажил эрхлэх боломжгүй нас өндөр болтлоо л ажиллана гэсэн бодолтой явдаг шүү/инээв/.

Хүн ажиллаж хөдөлмөрлөж л байхгүй бол хөгширнө, хөгжихгүй, амьдрах боломжгүй. Ер нь ажил хөдөлмөр амьдралыг зорилготой болгодог гэхэд хилсдэхгүй шүү.

Та нягтлан бодогчийн мэргэжил албан ёсоор эзэмшээгүй хирнээ нягтлан бодогчоор ажилласан байх юм. Энэ мэргэжил амаргүй мэргэжил санагддаг, мэргэжлийн боловсролгүй хирнээ энэ чиглэлээр ажиллахад хэцүү байсан болов уу?

Мэдээж мэргэжлийн дипломын боловсрол эзэмшээгүй тул зарим талаар онолын мэдлэг дутах үе гарч байсан. Гэхдээ хүн ажлын талбар дээр хичээж л чадвал сургуульд сурсанаас илүүг сурч мэдээд, туршлагаждаг юм билээ. Надад анх санхүүгийн программ дээр ажиллахыг Цасчихэр захирал маань зааж өгч, дагалдуулан сургаж байсан. Сайн багшийн заах арга дээр нэмээд хүн өөрөө хичээвэл тэгээд аяндаа ажлын талбар дээрээ мэргэшдэг юм билээ. Надад зааж, дадлагажуулж байсан захирлууд, удирдлага, хамт олондоо талархаж явдаг даа.

Хүний амьдралын үеийг нэгэн жаранаар хэмждэг. Нэгэн жараны бараг тал гаруй хувийг хувийн хэвшлийн нэг компанид ажиллаж өнгөрөөнө гэдэг их л тууштай хүний шинж болов уу. Таньд энэ хугацаанд хүнд сорилт, ололт амжилт гээд олон л зүйл тохиолдож байсан байх?

Хүн өдрийн ихэнхи идэвхитэй цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг учраас миний ажил бол амьдралтай минь салшгүй холбоотой. Энэ хугацаанд саар муухай  нь цөөхөн, сайхан нь олон байсан даа. Миний ажил, зүтгэлийг удирдлагууд маань үргэлж өндрөөр үнэлэн сайшааж, урамшуулан гадаад дотоодод аялах эрх, мөнгөн шагнал зэргээр шагнасан байдаг. 2010 онд компаний хөдөлмөрийн аварга болж Бээжинд аялах эрхээр шагнуулж байсан. Тэр үед бас гадаад аялах эрх гэдэг чинь ховор байсан үе. Миний өдий зэрэгтэй амьдарч яваа минь компанитай салшгүй холбоотой. Хэдийгээр би цалин хөлсөө аваад ажиллаж байгаа ч гэсэн намайг ажилтай байлгаж, сайхан хамт олон дунд аз жаргалтай ажиллах боломж олгож, намайг үнэлж, хүндэлж байдаг удирдлага, хамт олонтой байлгаж байгаад би маш их талархаж явдаг юм. Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, бусдын ач тусыг санаж явах л хэрэгтэй.

Хүн бүрт өөрийн чөлөөт цагаараа хийх дуртай хобби байдаг. Та ямар хоббитой вэ?

Залуу байхдаа маш их уншдаг байлаа. 30 нас хүртлээ их л ном уншсан. Одоо ч зав боломжийн хирээр уншдаг. Сүүлийн үеийн Сорхугтани хатан, Ану хатан гээд гоё уран зохиолын номуудыг голдуу уншиж байна. Мөн залуудаа юм их оёж, хатгадаг байлаа. Ажлынхаа костюм, пиджак зэрэг хувцсаа өөрөө л оёж өмсдөг байлаа шүү дээ. Мөн ятгачин охин зэрэг тухайн үед моданд орж байсан хатгамалуудыг мөн хатгасан нь одоо ч гэрт маань жаазанд өлгөөтэй байна. Ер нь л зүгээр суух дургүй хүн дээ. Үгүй ядаж л цэцэг арчлах мэтээр л чөлөөт цагаа өнгөрүүлдэг.

Бас сайхан дуулахгүй ч гэсэн компанийхаа шинэ жилээр зохион байгуулдаг байсан мюзиклүүдэд оролцож байсан. 2004 онд хүүхэлдэйн киноны сэдэвт мюзиклд “Шрек” хүүхэлдэйн киноны Фиона гүнжийн дүрд, 2005 оны киноны сэдэвтэй мюзикл-д “Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч Солонгын дүрд тоглож дуулж байлаа. Эдгээр маань их сайхан дурсамж болж сэтгэлд үлдсэн. Ер нь бол байнга л амандаа дуу аялж байдаг, дуулах дуртай хүн. Гэхдээ онц сайхан дуулахгүй ээ/инээв/.

20 гаруй жил хамт ажиллаж байгаа хамт олон тань бараг гэр бүл шиг болсон болов уу? Хамт олныхоо талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Манай хамт олон үнэхээр нэг цог золбоотой сайхан залуус байдаг юм. Үргэлж л буцалж, оргилсон, ажлаа ч хийнэ, спорт урлагын наадам ч хийнэ, ер нь буцалсан хамт олон шүү дээ. Нэг гэр бүл шиг болтлоо ижилслээ. Би өдий олон жил тогтвортой ажиллана гэдэг чинь цаана нь ийм сайн, сайхан хамт олон байсан учраас намайг уясан хэрэг шүү дээ. Хэрвээ таагүй байсан бол гараал явчих байсан байх. Бас удирдлагуудын намайг үнэлэх үнэлэмж, хүндлэл мөн нөлөөлсөн. Дээр нь миний өөрийн нэг юмыг тууштай, чанартай хийх, өөриймсөг зан чанар нөлөөлсөн болов уу.

Та өөрөө залуу байсан, алдаа оноо аль алиныг туулсан болов уу.  Өнөөгийн залуу үеийнхэндээ хэлмээр, захимаар зүйл олон байдаг болов уу?

Залуу байхад сайн хамт олон, сайн ханийн буянд алдсан зүйл бараг байхгүй дээ. Би зааж сургах их дуртай. Хамт ажилладаг залуу нягтлан бодогч нараа зааж сургасаар л байсан. Надтай хамт ажиладаг залуусаас олон залуус ерөнхий нягтлан бодогч болтлоо дэвшиж ажилласан байдаг. Оул компаний Оюунбилиг, Төмөрсүх, Баярмаа, БОСА компаний Энхчимэг нягтлан гээд олон залуустай ажилласан. Би залуустаа үргэлж ажлыг сэтгэлээсээ хийсэн шиг хийж бай, цагийг үр бүтээлгүй дэмий битгий өнгөрөө, хов жив битгий хөөцөлд гэх мэтээр сургана. Миний өөрийн зан араншин бас дуу цөөнтэй тал руугаа хүн. Тиймдээ ч элдэв хов живэнд дургүй. Ер нь аливаа компани, хамт олон хов жив, хутгуур багатай байвал ажил ч урагшилна, тиймээс залуучууд маань элдэв сул дэмий үг, нэгнээ муучилсан ярианаас хол байхыг хичээх хэрэгтэй.

Одоо эдгээр ажилчдаас маань үе үе талархал ирж л байдаг, тэр үед нь сайхан мэдрэмж төрнө өө бас. Хүнээс урам авч, буцаагаад өөрийн туршлагаасаа хүнд урмын хамт өгч ажиллах бас чухал шүү. Сэтгэлээ зориулан хичээж ажиллах тусам эргээд ажил чамайг шагнадаг, дагаад амьдрал өөдөлдөг юм, үүнийг л захимаар санагддаг. Сэтгэл гаргахгүй, цаг аргацаасан байдлаар хандах тусам ажил чинь урагшлахгүй, амьдрал хүртэл уруудна. Тиймээс ямар ч ажил хийдэг байсан бүх чадлаараа, сэтгэлээ гаргаад, тууштай ажиллах л чухал даа. Би өөрөө зүгээр суух дургүй хүн, тийм учраас зүгээр сууж байгаа хүн харахаар илүү үгэлчих гээд байдаг талтай.

Нийтлэлч Баабарын нэгэнтээ бичсэн нийтлэл нь нийгэмд залуу болон настай хүмүүсийг зөрчилдүүлсэн өнгө аясыг их тараасан. Үнэндээ ч бодит байдал дээр зарим зөрчлүүд анзаарагддаг. Залуу нь настнуудаа хүндлэхгүй, настнууд нь ч залуусдаа итгэхгүй, ойшоохгүй байх хандлагаас үүдэн нийгэмд үе хоорондын үл ойлголцлын зөрчил багагүй гардаг шиг. Жишээ нь автобусанд сандал тавьж өгөх, өгөхгүй байх нь зөв буруу гэх мэт. Та компанийхаа бараг хамгийн өндөр настай ахмад ажилтан нь байх, таньд залуустай ажиллахад хэр бэрхшээл тулгарч байна?

Би социализмын бүтээгдэхүүн. Тэр үеийн хүмүүжлээс саар зүйл ч бий, сайн зүйл ч бий. Гэхдээ сайн нь олон гэж боддог. Жишээ нь социализмын үеийнхэн цаг барих, шударга, хамтарч ажиллах тал дээр сайн, нийт нь нэгнийхээ төлөө явж чаддаг байсан. Одоо үед орчин цагаа дагаад боловсрол мэдлэгтэй сайхан залуучууд олон болсон сайн тал байна аа. Үүний хажуугаар ажлын цагаар хэт олон удаа гарч тамхилж агаарлах байдлаар ажлын цагийг үр бүтээлгүй, аргацаах маягаар өнгөрөөж байгаа залуус ч байна. Жишээ нь нэг хүн өдөрт 4-5 удаа гарч тамхиллаа гэж бодоход нэг удаад дунджаар 10 минут зарцуулдаг гэвэл багадаа л 40-50 минут буюу бараг ажлын 1 цагийг тамхи татахад зарцуулчихаж байгаа юм. Гэтэл цаана нь ажил олгогчийн эрх ашиг ч бас байгаа, тэр хүнд тамхи татуулах гэж мөнгө төлөөгүй шүү дээ. Тиймээс үр бүтээлгүй өнгөрөөсөн ажлын цагаа орой нь нөхөж сууж ажиллах гэх мэт үр бүтээлтэй байх талаасаа анхаарч байвал зөв санагддаг. Нөгөө талаараа залуус маань тамхи их татсанаараа өөрийнхөө эрүүл мэндийг сөнөөж байгаагаа мэдэхгүй байна. Энэ мэт зүйл дээр сэтгэл зовж л явдаг, хэлвэл бас хэт илүү үг болоод залхаачих болов уу гээд тэр бүр хэлж чадахгүй л юм. Миний энэ үгийг авах нэг нь аваад энэ мэт алдаагаа засаад явчихаасай гэж их хүсдэг дээ. Хэлэх боломж гарсанд баяртай байна/инээв/.  

Юм яаж ч муудсан сайжрах талруугаа явдаг гэдэг. Энэ залуусаас авах сайн зүйл байна уу?

Сайн зүйл байлгүй яах вэ. Би хамгийн настай, туршлагатай ажилтан гээд бүгдийг мэддэг биш, мэдэхгүй зүйл байна. Тэр үед нь онолын мэдлэг сайтай залуу нягтлан охидуудаасаа гүйж ороод мэдэхгүй зүйлээ асуучихдаг. Тэд маань ч надаас асууна, гэх мэтээр харилцан суралцаад л явна. Хүн ер нь сурч дуусахгүй, настай болсон гээд суралцахгүй гэсэн үг биш. Мэргэшсэн сайн нягтлан бодогч нарын дэргэд өөрийгөө бол голж явдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн том урам юу байв?

За ажил дээр хийж бүтээснээ дүгнүүлээд оны эцэст шагнал авах мөч бол олон л хүнд урам болдог болов уу. Би олон удаа гадаад дотоод аялах эрхээр шагнуулж байсан гэсэн дээ. Хонконг, Бээжин, Америк зэрэг орнуудад компаний зардлаар сайхан аялаж, газар үзсэн. Төр засгийн шагналууд олон л байгаа.

Та гэр бүлээ танилцуулахгүй юу, ажил амьдралаа хэрхэн зохицуулж, үр хүүхдээ яаж хүмүүжүүлэв?

Манай хүнийг Саша гэдэг, жолооч автын моторчин мэргэжилтэй хүн байдаг. Намайг манайхан ажлын хэнхэгтэй гэдэг юм/инээв/. Том хүүхдүүдийг маань хадмууд маань сайхан өсгөж өгсөн тул ажилдаа цаг гаргах боломжтой байсан юм уу даа. Ихэнхидээ ажлын цаг эртдээ 6-7, зарим үед орой 22 хүртэл ажилладаг байлаа. Тэгж л өдрийн ажлаа амжуулдаг байв. Одоо хүүхдүүд маань бүгд тусдаа гарсан 4 хүү, 4 охинтой, 7 ач зээтэй өнөр бүлийн ээж, эмээ болсон байна даа. Миний хань ажлыг минь ойлгож дэмждэг байсны буян. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн хувьд бол бэлэн хөрөнгө мөнгө өвлүүлэх биш харин эрүүл биетэй төрүүлж өсгөж, боловсрол эзэмшүүллээ, одоо өөрсдөө амьдралаа босгоод яваарай гэдэг зарчмаар өсгөж хүмүүжүүлсэн. Биеэ дааж амьдар гэдэг зарчмыг л барьдаг. Хүүхдүүд маань одоо тусдаа гарсан ч гэсэн тэдэндээ мэдлэг боловсролоо байнга ахиул, суралц гэж захисаар л байдаг. Өнөө үед мэдлэг, боловсрол маш чухал болсон үед хүн тасралтгүй сурч байх хэрэгтэй. Хүүхдүүд маань ер нь хүмүүжлийн хувьд даруу төлөв, хүний үг сайн сонсдог сайн хүмүүжсэн л гэж боддог доо. Хүүхдийг ер нь үргэлж үглэж дуулаад байвал залхдаг, тиймээс өөрөө биеэрээ үлгэрлэж дууриал үзүүлэх нь чухал. Гэхдээ нэг барьж авбал нэг сайн шийтгэдэг/инээв/. Хамт ажиллагсаддаа ч гэсэн нэг их үглэж загнахаасаа илүү, өөрөө хийж байгаа ажлаараа үлгэрлэхийг л хичээдэг. Ядаж л баримтаа зөв,цэгцтэй сайхан үдэж наахаас эхлээд үлгэрлэх ажил олон доо.

Таны санаанаас гардаггүй дурсамж тань?

2001 онд байх аа,  шинэ жилээр пентиум 2  комьпютерээр шагнуулаад орой нь гэртээ очиход хүүхдүүд маань бөөн баяр болж билээ. Шөнө комьпютерээ асааж ажиллуулж үзээд бараг л нойргүй хонож байлаа. Тэр үед комьпютертэй айл бүү хэ хэл албан байгууллага ч цөөхөн байсан байх үе. Хүнд хэрэгцээтэй зүйлээр шагнаж урамшуулах бас хүнд том урам, хожмын сайхан дурсамж болдог юм байна.

Ер нь хүний санаа зөв бол заяа зөв байдаг. Манай захирлууд хүн чанартай сайхан улс байдаг, тиймдээ ч манай компани өргөжин дэлгэрээд өсөж хөгжиж байгаа гэж боддог. Ажилтнаа үнэлэх, урам өгөх, нийгмийн хангамжийг шийдэх чинь эргээд компанидаа хөрөнгө оруулалт л хийж байгаа ажил шүү дээ.

Таны үеийнхний нэг газар тууштай удаан ажиллах чадвар гэх үү, сэтгэл өнөө үед багасаад байх шиг. Учир нь хүний нөөцийнхний шүдний өвчин нь ажилтнаа тогтоон барих явдал болсон. Ажлын байрандаа тогтохгүй байгаагийн шалтгааныг та юу гэж боддог вэ?

За аль аль талдаа л шалтгаан байгаа байх. Гэхдээ хувь хүнээс өөрөөс нь их болдог болов уу гэж ажигладаг. Хүн ажлаа сэтгэлээсээ хийгээдээ, чармайгаад байвал компани ажилтнаа авч үлдэхийг л бодно. 1,2-хон сар ажиллаад хаяад явчихдаг нь харамсалтай байдаг. Залуус маань ажлын ачаалал болон хүний үг даах чадвартай болчихвол мэдлэг боловсрол дутахгүй дээ. Ихэнхи нь ажиллая, сурья гэсэн сайхан залуус олон бий. Ийм залуусыг аль болох зааж сургаад авч үлдэхийг л боддог.

Та эрүүл мэндээ хэрхэн анхаарч байна?

Би харьцангуй эрүүл байгаагаа зан араншинтай холбоотой байх гэж боддог. Тайван зантай, огцом уурлаж стресстэхгүй байхыг хичээдэг. Аливааг өөдрөг сайхнаар бодоод, уур уцааргүй явбал хүний бие ч эрүүл байдаг байх. Тэрнээс өөрөөр эрүүл мэнддээ анхаараад эмнэлэг эргүүлээд байдаггүй дээ/инээв/. Уурлаад л байвал хурдан өтлөнө. Болж л өгвөл инээж баясаж яваарай.

Эмэгтэйчүүдэд сонгуулийн болон эдийн засгийн эрх олгохын төлөө олон жилийн тэмцэл хөдөлгөөн өрнөж, ялалт байгуулсны хүчинд өдгөө дэлхийн олонхи улс оронд эмэгтэйчүүд улс төр болон нийгэм эдийн засгийн эрх чөлөөтэй сайхан амьдарч байна. Гэсэн ч шашны болон олон хүчин зүйлээс шалтгаалан эмэгтэйчүүдийн эрх зарим талаар зөрчигдсөн хэвээр тул 3 сарын 8-г дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ёстойг, эмэгтэйчүүдийн эрхийг сануулдаг өдөр болгон тэмдэглэдэг. Энэ утгаараа энэ өдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр ч болдог. Өнөөдөр 3 сарын 8 тохиож байна,  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан нийт бүсгүйчүүддээ дамжуулах сэтгэлийн үг, мэндчилгээгээ уламжлахгүй юу?

Бүсгүй хүн бол хорвоогийн хамгийн сайхан хүндтэй үүргийг хүлээсэн эрхэм хүн. Эмэгтэй хүн гээд эрэгтэй хүнээс дутах зүйл байхгүй тул шантрах, хойш суух хэрэггүй, илүү гарч давах гэж ч оролдох хэрэггүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс аль аль нь л хүн. Тиймээс харилцан сайхан ойлголцож, хүндлэлээр дүүрэн байвал айл өрхийн амьдралаас эхлээд улс орны амьдрал ч амар жимэр болох болов уу. Тиймээс ажил амьдралаа зөв зохицуулаад, үр хүүхдээ сайхан өсгөхийн зэрэгцээ ажлаа ч мөн сэтгэлээсээ сайхан хийж хөдөлмөрлөж, нийгэм болон бусаддаа ээлтэй сайхан явбал амьдрал үйлс аяндаа өөдөлдөг юм шүү гэж захиад нийт компанийхаа бүсгүйчүүд мөн харилцагч байгууллага, үйлчлүүлэгч эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.  

Бүсгүйчүүд та нар минь үргэлж инээмсэглэж, жаргаж яваарай гэж ерөөе.

Өөрийн ажил амьдралын түүх, бодол санаагаа хуваалцсан таньд баярлалаа. Таньд эрүүл энх, ажлын амжилт, аз жаргалыг хүсье.

Баярлалаа.